Археологи-антропологийн тэнхимийн танилцуулга

>> 25 January, 2010

"Монгол орон шиг газрын хөрсөн доороо болон хөрсөн дээрээ түүхийн дурсгалаар баялаг орон хаа ч байхгүй"
Оросын нэрт археологич П.К.Козлов


Нийт хүн төрөлхтөний болон монгол хүний биологи, нийгэм, соёл иргэншлийн түүхийг өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд орон зайн өргөн хүрээнд судалдаг, тус оронд нэн ховорхон археологи-антропологийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шатласан сургалт явуулж боловсон хүчин бэлтгэдэг, сургалт-эрдэм шинжилгээг хослуулсан манай улсын мэргэжлийн байгууллагын нэг нь МУИС-ийн Археологи- Антропологийн тэнхим юм.
Археологи- Антропологийн тэнхим Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн  ухааны факультетэд 1995 онд байгуулагдан археологич-түүхч, түүхийн багш, түүхч-антропологич-түүхийн багш  мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлснээс хойш археологи- антропологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хариуцлагатай  үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ. Энэ хугацаанд 11 удаа төгсөлт хийж 200 гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдсэнээс 30-аад төгсөгч археологи-антропологийн магистрын зэргийг амжилттай хамгаалсан ба эдүгээ тэнхимийн дэргэдэх докторантурт 10, магистрантурт 20 гаруй, АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Англи, Герман зэрэг орны их сургуулиудад 10 төгсөгчид мэргэжлээрээ  МА болон Ph.D. суралцаж байна.

Уг тэнхим 1996-1997 онд Европын  холбооны дээд боловсролыг дэмжих "TAСIS" хөтөлбөрийн хүрээнд Английн Кембриж, Оксфордын Их сургуулиуд, Данийн Оденсийн  Их сургуультай хамтран "МУИС-ийн археологи- антропологийн сургалтыг боловсронгуй болгох" олон улсын төслийг хэрэгжүүлж, энэхүү мэргэжлийн сургалтын программ, хичээлийн агуулга, сургалтын баазыг олон улсын жишигт хүргэсэн билээ.
Салбарын 1-р ангийн оюутнууд монгол орны археологийн дурсгалтай танилцах, 2-р ангид археологи-антропологийн судалгааны арга зүй эзэмших зуны хээрийн дадлага, 4-р ангийн оюутнууд багшлах дадлага хийж эзэмшиж буй онолын мэдлэг, мэргэжлээ практик амьдралд бүтээлчээр ашиглах дадал чадварыг эзэмшдэг юм.
Тус тэнхим "Монголын түүх,  археологийн дурсгалыг хамгаалах үндэсний төв",
" Жендерийн судалгааны төв" зэрэг төрийн бус байгууллагатай бөгөөд уг ТББ нь түүх археологийн дурсгалыг авран хамгаалах, соёлын өвийг хамгаалах хуулийг сурталчилах зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг.

0 comments:

Post a Comment

Picture

Picture

About This Blog

  © Blogger template Simple n' Sweet by Ourblogtemplates.com 2009

Back to TOP